БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
“Төмөртийн-Овоо”- ны Уулын Баяжуулах үйлдвэр 2005 оны 8 сарын 28 өдрөөс ажиллаж эхэлсэн бөгөөд жилдээ 400 мян.тн цайрын хүдэр баяжуулж, 90 мян.тн баяжмал үйлдвэрлэх төслийн хүч чадалтай. Өнөөгийн байдлаар хүдэр дэх цайрын агуулга 13%, баяжмал дахь цайрын агуулга 53%, цайрын металл авалт 93%-д хүрч байна. Баяжуулах үйлдвэр нь бутлах, нунтаглан баяжуулах, усгүйжүүлэн савлах, засвар механикийн гэсэн үндсэн 4 цехийн бүтэц, 170 гаруй ажилтантайгаар тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг.
Бутлуурын цех
Ил уурхайгаас нийлүүлсэн 750мм-ээс доош хэмжээтэй хүдрийг 3 шат дараалсан битүү бутлалтаар хүдрийн ширхэглэлийг -12мм хүртэл бутлана. Бутлалтын 1-р шатанд PE900x1200 маркийн хацарт бутлуураар хүдрийг -120 мм хүртэл бутлана. Бутлалтын 2 болон 3-р шатанд (гүйцээн бутлалт) PYB1750, CH440 маркийн конусан бутлууруудыг ашиглах бөгөөд хүдрийг - 30 мм, -12мм хүртэл тус тус бутлана. Бутлалтын эцсийн бүтээгдэхүүнийг YA1848 маркийн чичэргээт шигшүүрээр ангилна.
Нунтаглан баяжуулах цех
Тус цех нь -12 мм хүртэл бутлагдсан хүдрийг 2 шат дараалсан нунтаглалт ангилалтын дараа -0.074 мм ангийн гарц 65-70% хүргэж нунтаглаад, улмаар 3 шат дараалсан хөвүүлэн баяжуулалтаар 50%-аас дээш агуулгатай цайрын баяжмал үйлдвэрлэнэ. Нунтаглалтын бөмбөлөгт тээрэм, мушгиа ангилагч, гидроциклон, пневмомеханик флотомашин ашиглана. Хөвүүлэн баяжуулалтад шохой, зэсийн байван, натрийн бутилксантогенат, мибк зэрэг урвалжуудыг ашиглаж байна.
Баяжуулалтын үндсэн үзүүлэлтүүд:
Нэр |
Хүдэр |
Баяжмал |
Хаягдал |
Гарц ,% |
100.00 |
18.22 |
81.78 |
Агуулга,% |
10.45 |
50.00 |
1.63 |
Металл авалт,% |
100.00 |
87.15 |
12.85 |
Усгүйжүүлэн савлах цэх
Тус цех нь баяжмалыг усгүйжүүлж, худалдааны бүтээгдэхүүн бэлдэх үндсэн үүрэгтэй. Баяжмалыг өтгөрүүлсний дараа шаазан фильтрээр хатааж, савлах бөгөөд худалдааны бүтээгдэхүүний чийглэг 8-10% байх шаардлага тавигддаг. Баяжуулалтын хаягдлыг өтгөрүүлсний дараа хаягдлын нуурт хаях ба дээрхи усгүйжүүлэх процессоос ялган авсан усыг эргүүлэн үйлдвэрлэлд ашигладаг бөгөөд эргүүлж ашиглаж буй усны хэмжээ нийт хэрэглэж буй усны 75%-ийг эзэлдэг.