ХАНШ         Ц/Цайр-тонн: 3185.00$         Ам.доллар: 2,456.92₮         Юань: 370.91₮         Евро: 2,889.83₮

ТҮҮХ

Төмөртийн овооны ордыг анх 1974 онд Монгол-Германы хамтарсан хайгуулын анги нээн илрүүлэн хайгуулын ажлыг 1974-1979 онд хийж дуусган, нөөцийг  1980 онд БНМАУ, БНАГУ, ЗСБНХУ-ын /хуучин нэрээр/ ашигт малтмалын нөөцийн комиссын хамтарсан хуралдаанаар хэлэлцэж баталсан.

Ордыг үйлдвэрлэлийн аргаар эзэмших техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг 1980 онд ЗСБНХУ /хуучин нэрээр/-ын "Гипроцветмет" нэгдэл, 1988 онд Монгол улсын Геологи уул уурхайн хүрээлэнд тус тус боловсруулжээ.
Энэхүү ТЭЗҮ-ийг үндэслэн Төмөртийн овооны цайрын ордыг түшиглүүлэн уул уурхайн баяжуулах үйлдвэрийг 1989-1992 онд иж бүрнээр нь барьж байгуулах тухай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн /хуучин нэрээр/ 1989 оны 316-р тогтоол гарч тус тогтоолын дагуу үйлдвэрийн хүрээнд 24 айлын 3 орон сууцны барилга, 140 хүүхдийн цэцэрлэг, ясли, уурын зуухны барилгын ажлыг дотоодын барилгын байгууллагын хүчээр Баруун-Урт хотод, ДГ-72 маркийн 3 агрегат бүхий цахилгаан станц, 10 машины гараж, уурхайн дотоод цахилгаан хангамжийн шугам зэрэг барилга байгууламжийг ОХУ-ын "Эрдэс" /Мардайн ураны үйлдвэрийн хүчээр орд дээр барьж байгуулах ажил эхэлсэн.

Үүний зэрэгцээ тухайн үеийн холбогдох яамд, мэргэжлийн байгууллагуудаас үйлдвэрийн ил уурхай, баяжуулах фабрик, гадна цахилгаан, ус хангамж зэрэг технологийн барилга байгууламжуудыг барьж байгуулахад шаардагдах хөрөнгийг олох, тус ордыг хамтран ашиглах талаар Орос, Япон, Швед, Чех зэрэг олон оронтой санал солилцож, тооцоо судалгаа хийж байсан.
Үүний дотроос Японы "Нише-Ивай" пүүс нь ордыг ашиглах ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, баяжуулах үйлдвэрийг жилдээ 57,8 мян.тн , 50% агуулгатай баяжмал гаргаж, 18 орчим сая ам.долларын орлого олж, оруулсан хөрөнгөө 6 жилд багтаан нөхөх боломжтой гэсэн тооцоо гаргасан байлаа.

Гэвч төслийг хэлэлцэх үед "Нише-Ивай " пүүс нь баяжмал тээвэрлэлтийн өртөг өндөр, цайрын баяжмал дахь марганецийн агуулга нь стандартын хэмжээнээс илүү тул цаашид металл болгон боловсруулахад хүндрэлтэй гэсэн шалтгаанаар хамтран ажиллахаас татгалзсан юм.

Мөн Орос, Чех, Швед улсууд нь тус районд дэд бүтэц хөгжөөгүй, Монгол оронд хөрөнгө оруулах хууль эрх зүйн таатай орчин бүрдээгүй, ордыг ашиглахад эдийн засгийн үр ашиггүй, дэлхийн зах зээл дээрх үнэ доогуур гэсэн үндэслэл, шалтгаануудаар төслийг хэрэгжүүлэхээс татгалзсан байлаа.

Энэ хугацаанд дотоодын барилгын байгууллагын хүчээр гүйцэтгэж байсан барилгын ажилч бас хөрөнгийн эх үүсвэргүйгээс зогсонги байдалд орсон юм.

Энэ хүндрэлээс гарч, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ЭХГУУҮЯамнаас /хуучин нэрээр/ ордод хөрөнгө оруулах, хамтран ажиллах пүүс, компанийг сонгон шалгаруулах зорилгоор 1994 онд олон улсын тендер зарласан боловч нэг ч гадаадын пүүс, компани тодорхой санал ирүүлээгүй билээ.

Ийнхүү уг ордыг түшиглүүлэн уулын баяжуулах үйлдвэр байгуулах ажлыг олон удаа гадаадын пүүс, компаниудад асуудал тавьж байсан боловч дээрх шалтгааныг мөн дурьдаж хамтран ажиллахаас татгалзаж байлаа.
1994 оны эцэс гэхэд үйлдвэрийн барилгын ажлууд бүрэн зогсож, үйлдвэрийн түр захиргаа татан буугдсанаар төслийн ажил үндсэндээ зогссон юм.

1997 онд Монгол улсад Ашигт малтмалын хууль анх гарч, хэрэгжиж эхэлсэн нь уг ордыг ашиглах хууль эрх зүйн нааштай орчныг бүрдүүлж өгсөн юм. Уг хуулийн дагуу Монгол улсын "Металл Nмпекс" ХХК нь Төмөртийн овооны цайрын ордыг ашиглах лицензийг 1997 оны 8-р сард авч, ордыг хамтран ашиглах, шаардагдах хөрөнгө оруулалтыг олох зорилгоор гадаадын олон пүүс, компанитай идэвхтэй харьцаж ажилсаны үр дүнд Хятад улсын Өнгөт төмөрлөгийн гадаад дахь барилга, зураг төслийн компанитай (товчилсон нэрээр NFC) хамтран ажиллах гэрээг 1997 оны 11 сард байгуулав. Энэхүү гэрээгээр Төмөртийн овооны цайрын ордод нарийвчилсан хайгуулын ажлыг тус компани нь өөрийн хөрөнгөөр нэмж явуулах ба үүний үндсэн дээр уг ордыг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулж ордыг хамтран ашиглахаар тохиролцсон юм.

Ийнхүү Монгол-Хятадын хамтарсан "Цайртминерал" ХХК-ийг үүсгэн байгуулж, Хятадын тал 51 хувь, Монголын тал 49 хувийг тус тус эзэмших ба зээлээ төлж дууссаны дараа дээрх хувь оролцоо 50:50 болж өөрчлөгдөх, жилдээ 300000 тонн хүдэр олборлож, 50 хувийн агуулга бүхий 70000 орчим тонн цайрын баяжмал үйлдвэрлэх хүчин чадал бүхий уул уурхайн баяжуулах үйлдвэрийг NFC компани нь "түлхүүр өгөх" нөхцөлөөр барьж байгуулахаар тохиролцсон юм.
Энэхүү гэрээг үндэслэн "Металл Nмпекс" компани нь цайрын ордын А-723 ашиглалтын лицензээ хамтарсан "Цайрт Минерал" ХХК-нд шилжүүлэн өгснөөр ордыг түшиглүүлэн уул уурхайн баяжуулах үйлдвэрийг барьж байгуулах ажлын шинэ үе эхэлсэн юм.
Хамтарсан компани нь Ашигт малтмалын хуулийн дагуу Монгол улсын Сангийн сайдтай "Тогтвортой байдлын гэрээ"-г 1998 онд байгуулж, NFC компанитай хамтран БНХАУ-ын Засгийн газраас Монгол улсад олгосон хөнгөлөлттэй зээлийг энэ төсөлд ашиглаж болох хувилбарыг сонгон авч холбогдох яамдад саналаа оруулсан юм.

Ордыг үйлдвэрийн аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл, холбогдох тооцоо судалгааг 1999, 2001 онд хуралдсан Монгол-Хятадын засгийн газар хоорондын комиссын VI, VII хуралдаанууд, 1999 оны 9-р сард хуралдсан Гадаадын зээл, тусламжийг зохицуулах зөвлөлийн хуралдаан, Монгол улсын Засгийн газрын 1999 оны 10-р сар, 2000 оны 10, 12 дугаар сарны ээлжит хуралдаануудаар тус тус хэлэлцэж, нийтдээ 200 сая юаны хөнгөлөлттэй зээлийг Төмөртийн овооны цайрын үйлдвэрийг барьж байгуулах төсөлд зориулах шийдвэрүүдийг гаргасан юм.

Хөнгөлөлттэй зээл нь үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалтын 50 гаруй хувийг санхүүжүүлэх бөгөөд үлдэж байгаа хэсгийг NFC компани нь банкны зээлээр санхүүжүүлэхээр шийдвэрлэнсэн юм. Ийнхүү   үйлдвэрийг    барьж    байгуулах    гол    нөхцөл    болсон    хөрөнгө    оруулалтыг санхүүжүүлэх эх үүсвэртэй болох эхний асуудал амжилттай шийдвэрлэгдлээ.
Дараагийн асуудал нь тухайн районд орчин үеийн техник технологи бүхий үйлдвэрлэлийн шаардлагыг хангасан үйлдвэрийн гадна цахилгаан, ус хангамжийг бий болгоход оршиж байв.

Тухайн үед Баруун-Урт, Чойбалсангийн хооронд өндөр хүчдэлийн шугам тавих асуудал хэдийгээр яригдаж байсан боловч Чойбалсангийн дулааны станцын техник, технологи хуучирсан, алдагдалтай ажилладаг, мөн өндөр хүчдэлийн шугамыг барьж байгуулах нь хөрөнгө шаардсан, эдийн засгийн үр ашиггүй гэсэн шалтгаанаар хойшлогдож, саатаж байлаа.
Гэвч Төмөртийн овооны цайрын үйлдвэрийг барьж байгуулснаар үйлдвэр нь Чойбалсангийн дулааны станцын гол хэрэглэгч нь болж, цахилгаан станц алдагдалтай бус харин ихээхэн ашигтай ажиллах нь судалгаагаар нотлогдсон юм.
Иймээс Чойбалсангийн цахилгаан станцад техникийн шинэтгэл хийж, Чойбалсан, Баруун-Уртын хооронд 110 кВт-ын өндөр хүчдэлийн шугам тавих ажил эрчимжиж, 2000 оны 5-р сард ашиглалтнд оруулав. Үйлдвэр нь дээрх өндөр хүчдэлийн шугманд "Т" холболт хийж, 110/10-н дэд станцыг барьж, ашиглалтнд оруулснаар үйлдвэрийн цахилгаан хангамжийн асуудал бүрэн шийдвэрлэгдсэн.
Үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулж байх эхний үед үйлдвэрт шаардагдах технологи, унд ахуйн хэрэгцээний усыг ордоос зүүн тийш 27 км-т орших Шохойтын хөндий хэмээх газраас авч болно гэсэн шийдэлтэй байсан. Учир нь Орос улсын нэр хүнд бүхий "ПНИИИС"-ийн усны хайгуулын анги 1980 оны эхээр хийсэн хайгуулын дүнгээр Шохойтын хөндийгөөс хоногт 3500 тн орчим ус авах боломжтой гэсэн дүгнэлт бүхий тайлан гаргасан байв. Гэвч бидний хийсэн ус шавхах туршилтын дүнгээр дээрх усны нөөц батлагдсангүй.
Иймд өндөр мэргэжлийн усны хайгуулын ангиар 2000-2003 онд Шохойт, Дунд-Урт болон ордын өмнөд хэсгээр дахин хайгуул хийлгэсний дүнд ордоос урагш 30 гаруй км-т Сайн усны хөндийд үйлдвэрийн хэрэгцээг хангах усны нөөц байгааг олж илрүүлсэн юм.
Монгол улсын Усны тухай хуулийн дагуу хайгуулын бүхий л материалыг Геологийн мэдээллийн төвийн архивт тушааж, Монголын мэргэжлийн байгууллагаар хөндлөнгийн дүгнэлт гаргуулж, усны нөөцийг Монгол улсын Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулж, усны орд дээр байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж Байгаль орчны яамаар батлуулж улмаар Усны хэрэг эрхлэх газраас ус ашиглах дүгнэлтийг уул уурхайн үйлдвэрүүдээс анхлан гаргуулж авсан билээ.

Ийнхүү үйлдвэрийг барьж байгуулахад шаардагдах үндсэн бэлтгэл ажлууд амжилттай хийгдсэнээр бүтээн байгуулалтын их ажил эхэлж, 2004 оны 5-р сарын 29-нөөс уулын үндсэн хөрс хуулалтын ажил, 6-р сарын 15-наас их барилгын ажилаар эхэлж улмаар 2005 оны 8-р сарын 28-ний өдөр Сүхбаатар аймгийн Төмөртийн овооны Цайрын уулын баяжуулах үйлдвэр ил уурхай, баяжуулах фабрик, 3 шатны бутлуур, хатаах цех, цахилгааны дэд станц, уурын зуух зэрэг үйлдвэрлэлийн гол цех, дамжлагууд, захиргааны болон ажилчдын дотуур байр, нэгдсэн агуулах зэрэг нийгэм ахуйн барилга байгууламжуудыг барьж байгуулан ашиглалтнд орсон түүхтэй.

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 3185.00$         Ам.доллар: 2,456.92₮         Юань: 370.91₮         Евро: 2,889.83₮