ДАЛД УУРХАЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Төмөртийн-Овоо цайрын ордын гүний түвшинд 2012-2016 онуудад гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажлаар ордод хүдрийн нийт 24 биетийг ялгаж дугаарласан байна. Далд уурхайг налуу гол ам болон агааржуулалтын 2 ш босоо амаар нээнэ. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил 2 жилийн хугацаанд явагдах бөгөөд 2023-2029 оноос далд уурхайн олборлолтын ажил явагдана. Далд уурхайн үйлдвэрлэлийн нөөцийг далд уурхайн олборлолтод өртөх нөөц, хамгаалалтын цулд үлдэх нөөц болон олборлолтын үеийн бохирдлоос хамааруулан тооцоход ордын хэмжээнд 2,237.90 мян.тн хүдэр, 9.07%-ийн дундаж агуулгатай 202.93 мян.тн цайр агуулсан, 0.47%-ийн дундаж агуулгатай 10.48 мян.тн хар тугалга, 25.41 гр/тн дундаж агуулгатай 56.86 тн мөнгө, 18.99%-ийн дундаж агуулгатай 425.01 мян.тн төмрийн нөөц байна.
Налуу гол ам: Налуу гол амыг X=5186628, Y=676861 солбицолд, ил уурхайгаас баруун урд зүгт 361.4 метрийн зайд 7 градусын налуутай, газрын гадаргын +1060 м-ийн түвшнээс +775 м ийн түвшин хүртэл нийт 3,043 м урт нэвтэрнэ. Налуу гол амны шулуун хэсгийн малталтын өргөн, өндрийг малталтаар явах техникийн параметр, агааржуулалтын шаардлагаас хамааруулан тооцсон бөгөөд 4.1 м х 3.8 м, нийт 14.40 м2 хөндлөн огтлолын талбайтай байна. Налуу гол амны муруй хэсэг 4.6 м х 3.8 м хэмжээтэй байх бөгөөд нийт хөндлөн огтлолын талбай нь 15.99 м2 байна.
Сорох агааржуулалтын ам: Сорох агааржуулалтын амыг X=5187061, Y=676988 солбицолд, ил уурхайн баруун хойд зүгт 135.7 м-ийн зайд, газрын гадаргын +1085 м-ийн түвшнээс +775 м-ийн түвшин хүртэл нийт 310 м урт нэвтрэхээр байна.
Шахах агааржуулалтын ам: Шахах агааржуулалтын амыг X=5187088, Y=677471 солбицолд, ил уурхайн хойд зүгт 46 метрийн зайд, газрын гадаргын +1115 м-ийн түвшнээс +775 м-ийн түвшин хүртэл нийт 340 м урт нэвтрэхээр байна. Сорох агааржуулалтын амны диаметр 4.0 м, бэхэлгээтэй үеийн хөндлөн огтлолын талбай 12.57 м2, бэхэлгээгүй үеийн хөндлөн огтлолын талбай нь 16.62 м2 байна.









